Захирлын мэндчилгээ

Сайн байцгаана уу,

2011 онд БСШУСЯ-наас боловсролын тогтолцооны шинэчлэл хийж, үндэсний хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор олон улсын хөтөлбөрийн сургалттай, лаборатори сургуулиудыг үүсгэн байгуулж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, харьцуулан судлах, турших, хөгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн юм. 

Эдүгээ БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай Монгол Тэмүүлэл лаборатори сургууль нь 9 дахь жилдээ сургалт, судалгааны үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэдийг бэлтгэн гаргахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. 

2018-2019 оны хичээлийн жилд олон улсын болон үндэсний хөтөлбөрийн сургалтын төлөвлөлтөд нэмэлт, шинэчлэлтүүдийг туршин хэрэгжүүлснээр сурагчид маань мэдлэгийн ай нь тэнцвэртэй, хэрэгжилт нь тогтвортой, дэлхийн сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөх хүртээмж, цар хүрээ нь үлэмж тэлсэн хос хөтөлбөрийн ерөнхий боловсролыг эзэмших боломжуудыг нээж өглөө. Мөн сурагчдынхаа үүсгэл санаачилгын ажлыг дэмжих, байгалийн ухааны хичээлүүдийн чанарыг сайжруулах, төсөлт ажилд суурилсан үнэлгээ болон сургалтын арга зүйг дэмжих чиглэлээр хөтөлбөр хэрэгжилтийн арга зүйг улам сайжруулан ажиллахаар зорьж байна.

Цаашид бид 2019-2020 онд хөтөлбөрийн сайжруулалт, шинэчлэлтээ үргэлжлүүлж Монгол Улсад анхны А түвшний дипломтой суралцагчдыг төгсгөн гаргах, тус сургуулийн болон Монгол Улсад Кембрижийн хөтөлбөрийн сургалт явуулж буй сургуулиудын багш нарт зориулсан Багш Хөгжлийн Хөтөлбөрийг нэвтрүүлэхээр шамдан ажиллах болно.

Боловсролын байгууллагын нэгэн онцлог нь тасралтгүй шинэчлэхийн сацуу сайн туршлага, уламжлалаа хадгалах, сайжруулахад оршиж байдаг билээ. Бид орчин цагийн боловсролын байгууллагын үлгэр жишээ болсон хамт олон, шилдэг ахлах сургууль болохын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөх болно.

Монголынхоо ирээдүйг бүтээхээр зүрх сэтгэлээрээ нэгдэн ажиллаж буй хамт олныхоо нэрийн өмнөөс хүндэт эцэг эхчүүд, оюунлаг сурагчид, биднийг дэмжин ажилладаг байгууллага, хувь хүмүүс та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

Эрдэм ном арвижих болтугай. 
Д.ТӨМӨРЧӨДӨР
Захирал
Монгол Тэмүүлэл сургууль