Дээлтэй монгол өдөрлөг

Сар шинийн баярын дараа уламжлал болон зохиогддог ‘Дээлтэй монгол’ өдөрлөг 2019 оны 2-р сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.
Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны баярыг хамт олноороо хүндэтгэн тэмдэглэж, халуун бүлээрээ золгон элгэмсэж, ахас ихэсээ хүндэтгэх, уламжлалт соёлоосоо суралцах энэхүү сайхан баяр энэ жилийн хувьд дараах өвөрмөц онцлогуудаар дүүрэн байлаа.

Хан хуураа залав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу, монгол ёс заншлаа дээдлэн тус сургуулийн зураг урлалын багш Л. Ганбат сийлбэрлэн урлаж, хөгжмийн багш Г. Эрдэнэбат чавхдасыг нь татсан нандин хийцтэй, мастер морин хуурыг Монгол Тэмүүлэл сургуулийн хан хуураар залж энэхүү билэг дэмбэрэлт өдөр захирал Д. Төмөрчөдөрт гардуулан өглөө. Морин хуурын эгшигтэй Монгол Тэмүүлэл сургуулийн амжилт ололт баяр хүндэтгэл бүхнийг зарлан уянгалах сайхан хуураа бид удахгүй хүндэтгэлийн хоймортоо хорголон залах болноо.
Тус баярт явдлыг мялаан 9б ангийн сурагчдын Морин хуурын хамтлаг ая дуугаа өргөлөө. Дөнгөж энэ жил элссэн манай отгон шавь нар хэдхэн сарын туршид ангиараа морин хуур татаж сурах зорилго дэвшүүлэн түүндээ хүрч монгол ардын дууны аяз тоглож сонирхуулсан нь бахархууштай байлаа.

Үйчүүр наадахыг үзэв

Цагаан сарын баяраар олон төрлийн тоглоом наадгай тоглож ухаанаа уралдуулж, ирэх жилийнхээ аз хийморийг зөгнөдөг сайхан уламжлалтай. Энэ ч уламжлалыг дээдлэн монгол хэл, уран зохиолын багш С. Амаржаргал сурагчдад ‘Үйчүүр’ хэмээх уламжлалт тоглоомоор хэрхэн наадах талаар үзүүлэх сургалт хийлээ. Удахгүй болох Төсөлт хичээлийн сургалтын үеэр сурагчид маань Үйчүүр тоглоомыг олноор хийж хамт олноороо наадаж сурах зорилго тавьцгаалаа.
Сургуулийн хамт олны баяр ёслол ч сургалтын нэгэн хэсэг байдаг билээ.

Leave a Comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн