fbpx

Ахлах сургуулийн зөвлөх багшийн семинарт хамрагдлаа

Монгол Тэмүүлэл сургуулийн англи хэлний багш, ахлах сургуулийн боловсролын зөвлөх А. Оюунчимэг багш нь 2019 оны 7-р сард Канадын нийслэл Оттава хотын Вестэрн их сургууль дээр зохион байгуулагдсан Олон Улсын Их дээд сургуулийн элсэлтийн зөвлөхүүдийн холбооны (ACAC) нэгдсэн хуралдаан, сургалт, аялалд нэг сарын туршид амжилттай хамрагдлаа. Тус холбоо нь 1991 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 100 гаруй орны 3200 орчим Ахлах болон их сургуулиудын зөвлөхүүд, мэргэжлийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын томоохон холбоо юм.
Энэ удаагийн хуралд их дээд сургуулийн элсэлтийн мэргэжилтэн 795, ахлах сургуулийн боловсролын зөвлөх 639, олон улсын боловсролын байгууллагуудын төлөөлөгч 131 нийт 1565 төлөөлөгч оролцсоноос 8 улсын төлөөлөгчийн бүх зардлыг нь зохион байгуулагч тал даах бүрэн тэтгэлэгт шалгаран оролцсоны нэг нь Монгол Тэмүүлэл сургуулийн багш байсанд бид тун бахархалтай байна.
Хорин зургаа дахь жилдээ зохиогдож буй тус хурлаар олон асуудал хэлэлцэгдэж, оролцогчид туршлагаа солилцож, Канадын 20 гаруй их дээд сургуулиудад зочлон үйл ажиллагаатай нь танилцсаны сацуу онцгой анхаарлын төвд байсан асуудал нь ахлах сургуулийн суралцагчдын хичээл сонголт болон гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх асуудал байжээ.
Олон улсын энэхүү томоохон арга хэмжээнд тэтгэлэгээр оролцсон А. Оюунчимэг багшдаа баяр хүргээд сурагчдынхаа ирээдүйн мэргэжил, их дээд сургуулийн сонголт, элсэлтэд зөвлөн туслах ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Leave a comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн