fbpx

Монгол Тэмүүлэлд багш сурагч ялгаагүй байнгын суралцаж өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байдаг. Улсдаа хамгийн өндөр шаардлагатайд тооцогддог сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэснээрээ сурагчид маань дэлхийн хамгийн өндөр шалгууртай их сургуулиудад ч төвөггүй элсэн суралцах боломжтой болохын хажуугаар үнэлж баршгүй мэдлэг туршлага, хүсэл тэмүүлэл болон нөхөрлөлтэй болдог юм. Харин манай сургуулийн багш нарт элсэлтийн шалгалтаар элсэн орсон чадварлаг сурагчдад мэдлэг олгон чиглүүлэх, Кембрижийн хөтөлбөрийг туршин харьцуулах болон дэлхийд хүлээн алдартай боловсролын системийн экспертизийг Монголд нэвтрүүлэлцэх зэрэг хариуцлагуудыг хүлээдэг. Тэд Англи, Хятад улсууд дахь Кембрижийн Мэргэжлийн Багшийн сургалтууд болон онлайн хичээлүүдэд тогтмол хамрагддаг. Мөн цаашлаад бид Кембрижийн Мэргэжлийн Багшийн Сургалтын төв болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд ингэснээрээ Монгол Улс дахь Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудад мэдлэг туршлагаасаа хуваалцах боломж бүрдэх юм.

+

=

Монгол Тэмүүлэл сургуулийн сургалтын хөтөлбөр

Сурагчид 9-10 дугаар ангидаа нийт 9 хичээл судлан Кембрижийн Олон Улсын Суурь Боловсролын Гэрчилгээг авах боломжтой бол 11 дүгээр ангидаа 6 хичээл үзэн Кембрижийн Олон Улсын Ерөнхий Боловсролын Дипломын болзлыг хангана. Харин 12 дугаар ангидаа багадаа 3 хичээлийг (үүнд математик, нэг шинжлэх ухаан, нэг хүмүүнлэгийн ухаан багтана) Ахисан түвшинд судлана. Ингэснээрээ сурагчид олон төрлийн тэнцвэртэй мэдлэг олж авах бөгөөд энэ нь их дээд сургуулиудад элсэхэд давуу тал болох боломжтой юм. Мөн үүний хажуугаар тэд 21 дүгээр зууны ажлын тавцанд өндөр хэрэгцээтэй цагаа төлөвлөх, багаар ажиллах, ачааллаа зохицуулах, шүүмж сэтгэлгээгээр хандах зэрэг чадваруудад суралцдаг юм.

Монгол өв соёлоо уламжлуулах

Үндэсний хөтөлбөр

Сурагчид Үндэсний хөтөлбөрөөр хичээллэснээр Монголын их дээд сургуулиудад элсэн суралцах, үндэсний өв соёлоо сонирхон судлах, даяарчлалын эрин үед монгол хүний үнэт зүйл, монгол хэл бичгээ судлах ач холбогдолтой. Ингэснээр сурагчид дэлхийн боловсролыг монгол соёлтой уялдуулан суралцах боломжтой болдог юм.

Дээлтэй Монгол 2018

Дэлхийн иргэн бэлтгэх

Олон улсын боловсрол

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолд тусгагдсан ‘Боловсрол’ үндэсний хөтөлбөрийн хүрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудыг дэмжин ажилладаг. Сурагч нь олон улсын боловсролоор хичээллэснээр даяарчлагдаж буй дэлхийд дан ганц чанартай боловсрол эзэмшээд зогсохгүй дэлхий нийтийн чиг хандлагын ойлголттой, идэвх оролцоотой, өөр өөр соёлын ялгааг хүндэлдэг, ойлгодог, энх тайванч үзэл баримтлалтай болдог давуу талтай юм. Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл хоёр олон улсын боловсролын хөтөлбөр байдаг нь Кембрижийн Олон Улсын Боловсрол болон Олон Улсын Бакалавриат юм.

Кембрижийн хөтөлбөр ямар давуу талтай бэ?

Манай сургуулийн хэрэгжүүлдэг Кембрижийн Олон Улсын Суурь Боловсролын Гэрчилгээ (International General Certificate of Secondary Education) болон Кембрижийн Олон Улсын Ерөнхий Боловсролын Гэрчилгээ (International General Certificate of Education) нь Их Британийн боловсролын гэрчилгээтэй шууд дүйцдэг бөгөөд ингэснээрээ дэлхийн ихэнх их дээд сургуульд нэмэлт шалгуургүйгээр элсэн суралцах, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой болдог юм. Кембрижийн хөтөлбөр нь дэлхийн шилдэг боловсролын мэргэжилтнүүдээр зохиогддог, чанарын өндөр стандарттай, өөр өөр улсуудын соёлын ялгааг хүндэлдэг гэх мэт олон онцлогтой бөгөөд сурагчид энэхүү хөтөлбөрийн тусламжтай дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжтой болдог.

Cambridge Pathway