Хэрхэн гадаадын их сургуулиудад элсэн суралцах вэ?

Юуны өмнө чамд Монгол Тэмүүлэл лаборатори сургуулийн сурагч болсонд баяр хүргэе! Манай сургуульд чи дэлхийн 190 улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хөтөлбөрийг үзэх болно. Энэ нь дэлхийн хамгийн шилдэг их дээд сургуулиудад элсэн суралцах боломжийг нээж өгдгөөрөө ач холбогдолтой юм. 

Амжилттай суралцах зөвлөгөө

  • Хичээлийн үеэр ойлгохгүй зүйлсээ цаг тухайд нь асууж явах
  • Тодорхойлолтуудаа бие биендээ асуугдах – Найзууд хоорондоо нэг нэгнийгээ асууж, хамтран бэлдэх нь үр дүнтэй байх явдал элбэг байдаг.
  • Хичээлийн сэдвийг олон дахин унших, бичих нь тэр болгон үр дүнтэй байдаггүй.
  • Шалгалтын өмнө бүх сэдвээ бататган эргэн санах
  • Одоо хийж эхэл – Маргааш ч биш, дараа долоо хоногт ч биш боломжтой бол яг одоо хийж эхэл.
  • Хуучин шалгалтын материалуудыг шалгалт өгч байгаа мэтээр ажиллах – Энэ нь таныг жинхэнэ шалгалтын хэв маягт дасгах төдийгүй өгөгдсөн хугацаанд их зүйл хийж сурахад туслах болно.
  • Асуулт асуухаасаа хэзээ ч битгий санаа зов – Таны асууж буй асуулт бусдад хэдий ойлгомжтой, энгийн мэт байж болох ч үүнийгээ ойлгохгүй л бол багш эсвэл найз нөхдөөсөө нэрэлхэлгүй асууж байгаарай.
  • Өөрийнхөө сурах арга барилыг тодорхойлох – Ямарваа нэг арга барил бусад хүнд үр дүнтэй байлаа гээд танд ч бас үр дүнтэй байна гэсэн үг биш юм. Яг ямар аргаар би илүү үр дүнтэй суралцах вэ гэдгээ олж нээх нь маш чухал.
  • Сайхан хамт олноор өөрийгөө хүрээлүүлэх – Ижил хүсэл тэмүүлэл, зорилготой хамт олноор өөрийгөө хүрээлүүлэн хэсэгхэн хугацаанд ярилцахад л маш олон гайхалтай санаанууд тэр дундаас гарч ирдэг.
  • Эрүүл мэнд хамгийн чухал нь – Шөнө унталгүй хичээл хийх, буруу хооллох, стрессдэх зэрэг нь таны эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй. Шөнөжингөө унталгүй сууж хичээлээ хийсэн ч хичээл дээр анхаарал төвлөрөхгүй байх, хичээлээ ойлгохгүй байх, нойр хүрэх зэрэг асуудлууд тулгарсаар л байх болно.
  • Төлөвлөлт – Бүх зүйлийг сүүлийн 5 минутад үлдээх нь тийм ч ухаалаг сонголт биш юм. Давчуу хугацаанд гаргасан шийдвэр оновчтой байх нь мөн л ховор.
  • Мянга бодохоор нэг хий – Даваагүй байхад даваа болгон өндөр харагддагийн адил хийж эхлээгүй л бол ажил болгон бэрх санагдах болно. Хэрвээ та ямарваа нэг ажлын эхлэлийг зориглон тавьж чадсан бол өөрийгөө нийт ажлын 50 хувийг аль хэдийн гүйцэтгэсэн байна гэж ойлгож болно.
  • Зун бол таны хийхийг хүсдэг зүйлсээ хийж үзэх хамгийн том боломж – Хичээлийн үеэр бидэнд хичээл номоос өөр дуртай зүйлдээ цаг гаргах боломж тэр болгон олдоод байдаггүй. Тийм ч учраас зуны 3 сарыг үр бүтээлтэй, хөгжилтэй, мартагдашгүй өнгөрүүлэх нь чухал юм.
  • Зүрх сэтгэлээ сонс – Сурагчдад тохиолддог хамгийн том асуудлуудын нэг бол яахын аргагүй ирээдүйд хэн болох вэ гэдгээ шийдэх явдал юм. Хэрвээ та хараахан ирээдүйн мэргэжлээ сонгож амжаагүй яваа бол бусдын нөлөөгөөр түргэн шийдвэр гаргахаасаа өмнө өөрт буй цаг хугацаагаа хүсэл тэмүүлэл, сонирхлоо олж нээхэд зарцуулаарай.
  • Өөрийгөө урамшуулж сур – Энэ нь биеэ тоох, онгирох зэргээс ангид асуудал юм. Өөрийнхөө гаргасан жижиг,том аливаа амжилтанд өөрийгөө урамшуулж сурах нь таныг цаашдаа урам зоригтойгоор сурч,ажиллахад хамгийн том түлхэц болж өгдөг.
  • Өөртөө, найз нөхдөдөө, гэр бүлдээ цаг гаргаж сур – Хүүхэд насаа зөвхөн ном дэвтрийн доороос хамраа цухуйлгалгүй өнгөрөөх нь дэндүү харамсалтай. Хүүхэд нас гэдэг хүний амьдралын хамгийн нандин үе мөч байдаг тул үүнийгээ аль болох аз жаргалтай, дурсамжтай байлгахыг хичээгээрэй.